НүүрЗөвлөгөөСудалгааны ажил, тайлан мэдээнд эшлэл хэрэглэх арга зүй

Судалгааны ажил, тайлан мэдээнд эшлэл хэрэглэх арга зүй

Эшлэл гэж юу вэ?

Эшлэл гэдэг нь аливаа бүтээлд ашигласан эх сурвалжуудыг тэмдэглэх, тэдгээрийн эх үүсвэрийг албан ёсоор дурдан үзүүлэхийг хэлнэ. Эшлэл хийх нь тухайн судалгааны ажлын найдвартай байдлыг баталгаажуулж, оюуны өмчийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Эшлэл яагаад чухал вэ?

  1. Оюуны өмчийг хүндэтгэх:
    Хэн нэгний судалгаа, санааг ашиглаж байгаа бол тухайн зохиогчийг хүндэтгэж, түүний ажлын эх үүсвэрийг зааж өгөх нь ёс зүйтэй үйлдэл юм. Энэ нь зохиогчийн оюуны өмчийг хамгаалж, тэдний хөдөлмөрийг үнэлж байгаа хэрэг юм.
  2. Зохиолын хулгайгаас сэргийлэх (Plagiarism):
    Эшлэл хийхгүйгээр бусдын ажлыг өөрийн бүтээл мэтээр ашиглах нь Plagiarism (зохиолын хулгай) -ын нэг хэлбэрт тооцогддог. 
  3. Судалгааны ажлын найдвартай байдал, итгэлцлийг нэмэгдүүлэх:
    Эшлэл хийх нь таны судалгаа бусад найдвартай эх сурвалжид тулгуурласан гэдгийг харуулдаг. Энэ нь таны бүтээлд уншигчид болон мэргэжилтнүүдийн итгэлцлийг нэмэгдүүлнэ.
  4. Судалгааны ажлыг баталгаажуулах:
    Эшлэлүүд нь уншигчдад ашигласан эх сурвалжуудыг шалгах, судалгааны баталгааг нягтлах боломжийг олгодог. Тиймээс эшлэл хийх нь тухайн судалгааны ажлын баталгаажилтыг нэмэгдүүлдэг.
  5. Уншигчдад цаашид судлах замыг заах:
    Эшлэл хийх нь уншигчдад таны судалгааны хүрээнд ашигласан эх сурвалжуудыг олж унших, илүү гүнзгий судлах боломжийг олгодог.

Эшлэл хийхэд хэрэглэх формат ба стандарт

Судалгааны бүтээлд эшлэл хийх олон янзын формат байдаг. Жишээ нь:

  • APA (American Psychological Association) – Нийгмийн шинжлэх ухааны салбарт түгээмэл ашиглагддаг.
  • MLA (Modern Language Association) – Хэл шинжлэл, урлаг судлалын салбарт түгээмэл.
  • Chicago – Түүх судлал болон зарим шинжлэх ухааны салбарт ашиглагддаг.
  • Harvard – Олон улсад өргөн хэрэглэгддэг эшлэл хийх стандарт юм.

Эшлэл нь зөвхөн эх сурвалжийг тэмдэглэхээс гадна судалгааны ажлын чанарыг нэмэгдүүлж, оюуны өмчийг хүндэтгэн харилцах чухал арга хэрэгсэл юм.

Онлайн орчин, ажлын байранд эшлэл хийх шаардлагатай юу?

Эшлэл хийх нь зөвхөн академик орчинд ч биш, мэргэжлийн ажлын байранд ч мэдээллийн үнэн зөв, ёс зүйтэй байдалд чухал нөлөө үзүүлдэг. Доор эшлэл яагаад эдгээр орчинд шаардлагатай болохыг тайлбарлая.

1. Онлайн орчинд эшлэл шаардлагатай эсэх

  • Контент бичих: Хэрэв та блог, нийтлэл, вэбсайт дээр мэдээлэл бичихдээ бусдын судалгаа, мэдээ, санааг ашиглаж байгаа бол эшлэл хийх нь чухал. Энэ нь уншигчдад эх сурвалжийг баталгаатай байдлаар харуулах боломж олгодог.
    • Жишээ: Блог нийтлэлд судалгааны тоо баримт, статистик мэдээлэл орсон бол эшлэлээр эх сурвалжийг зааж өгөх нь ёс зүйтэй.
  • Мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулах: Онлайн контент их хэмжээний хэрэглэгчдэд хүрдэг тул эх сурвалжийг зөв эшлэх нь мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулж, уншигчид итгэхэд тус болдог.
  • Оюуны өмчийн хуулийг дагах: Бусдын оюуны өмчийг зөв зохистой ашиглах.

2. Ажлын байранд эшлэл шаардлагатай эсэх

  • Судалгааны тайлан, дүн шинжилгээ хийх үед: Компаниуд болон мэргэжлийн байгууллагууд судалгааны тайлан, дүн шинжилгээ хийх үедээ эшлэл хийх нь чухал. Жишээ нь, санхүүгийн дүн шинжилгээ, зах зээлийн судалгааны тайланг гаргахдаа мэдээллийг баталгаатай эх сурвалжаас эшлэх нь үнэн зөв байдлыг хангаж өгнө.
  • Танилцуулга, тайлан бэлтгэх үед: Бизнесийн тайлан, стратегийн баримт бичгүүдэд хэрэглэсэн мэдээллийн эх сурвалжийг зааж өгөх нь зүйтэй. Энэ нь танилцуулгын найдвартай байдлыг нэмэгдүүлж, хамтран ажиллагсад болон удирдлагад итгэл үнэмшил төрүүлнэ.
  • Зөвшөөрөлгүй ашиглалт болон хуулбарлалтаас сэргийлэх: Ажлын байранд ашиглаж буй мэдээлэлд эх сурвалжийг зааж өгснөөр, Plagiarism-с сэргийлэх, ёс зүйн болон эрх зүйн асуудлаас сэргийлэх боломжтой.

Эшлэл хийхдээ тодорхой стандартыг дагаж мөрдөнө. Дараах жишээгээр APA 7 загварын дагуу эшлэл хийх зааврыг хүргэж байна.

Эх сурвалжийн төрлөөр эшлэл хийх

1. Ном

In-Text Citation (Текст доторх эшлэл):

  • Хаалтанд: (Smith, 2020)
  • Өгүүлбэрт: Smith (2020) номондоо…

Reference List (Эшлэлийн жагсаалтанд):

  • Зохиогчийн овог, нэрийн эхний үсэг. (Он). Номын нэр. Хэвлэгч.
  • Жишээ: Smith, J. (2020). Data science principles. Pearson Education.

2. Сэтгүүлийн өгүүлэл

In-Text Citation:

  • Хаалтанд: (Johnson, 2019)
  • Өгүүлбэрт: Johnson (2019) судалгаандаа…

Reference List:

  • Зохиогчийн овог, нэрийн эхний үсэг. (Он). Өгүүллийн гарчиг. Сэтгүүлийн нэр, эзлэхүүн(дугаар), хуудасны дугаар. https://doi.org/…
  • Жишээ: Johnson, M. (2019). Exploring deep learning techniques. Journal of AI Research, 12(3), 45-67. https://doi.org/10.1234/jair.56789
  • Жишээ: Edwards, A. A., Steacy, L. M., Siegelman, N., Rigobon, V. M., Kearns, D. M., Rueckl, J. G., & Compton, D. L. (2022). Unpacking the unique relationship between set for variability and word reading development: Examining word- and child-level predictors of performance. Journal of Educational Psychology, 114(6), 1242–1256. https://doi.org/10.1037/edu0000696

3. Вэбсайт

In-Text Citation:

  • Хаалтанд: (Miller, 2022)
  • Өгүүлбэрт: Miller (2022) вэбсайтад…

Reference List:

  • Зохиогчийн овог, нэрийн эхний үсэг (хэрэв байгаа бол). (Он, Сар Өдөр). Вэб хуудасны гарчиг. Вэбсайтын нэр. URL
  • Жишээ: Miller, R. (2022, May 15). The future of AI technologies. Tech Trends. https://www.techtrends.com/future-ai

4. Тайлан эсвэл илтгэл

In-Text Citation:

  • Хаалтанд: (World Health Organization, 2021)
  • Өгүүлбэрт: World Health Organization (2021) тайланд дурдсанаар…

Reference List:

  • Байгууллага. (Он). Тайлангийн нэр (Тайлангийн дугаар хэрэв байгаа бол). Хэвлэлийн газар (хэрэв байгаа бол). URL
  • Жишээ: World Health Organization. (2021). Global health estimates 2020. https://www.who.int/data/gho

5. Номын бүлэг

In-Text Citation:

  • Хаалтанд: (Garcia, 2018)
  • Өгүүлбэрт: Garcia (2018) бүлэгтээ…

Reference List:

  • Зохиогчийн овог, нэрийн эхний үсэг. (Он). Бүлгийн нэр. Дотор Зохиогч/Редактор овог, нэрийн эхний үсэг. (Ред.), Номын нэр (хуудас. x–x). Хэвлэгч.
  • Жишээ: Garcia, L. (2018). Machine learning models. In A. Thompson (Ed.), Advanced AI techniques (pp. 55–77). Cambridge University Press.

Олон зохиогчтой тохиолдолд

In-Text Citation (Текст доторх эшлэл)

  • 2 зохиогчтой:
    • Хаалтанд: (Зохиогч1 & Зохиогч2, Он)
      • (Smith & Johnson, 2020)
    • Өгүүлбэрт: Зохиогч1 ба Зохиогч2 (Он)
      • Smith ба Johnson (2020) судалгаанд…
  • 3 ба түүнээс дээш зохиогчтой:
    • Хаалтанд: (Зохиогч1 нар, Он)
      • (Garcia нар, 2021) 
      • (Garcia et al., 2020)
    • Өгүүлбэрт: Зохиогч1 нар (Он)
      • Garcia нар (2021) тайландаа…
      • Author1 et al. (Year)

3 ба түүнээс дээш зохиогчтой эх сурвалжийг текст доторхи эшлэлд “нар” буюу “et al.” ашиглан хамгийн эхний зохиогчийг дурдана.

Бүрэн эшлэл хийх (Reference List)

  • 2 зохиогчтой:
    Зохиогч1-ийн овог, нэрийн эхний үсэг., & Зохиогч2-ийн овог, нэрийн эхний үсэг. (Он). Эх сурвалжийн нэр. Хэвлэгч.
    Жишээ: Smith, J., & Johnson, R. (2020). AI research techniques. Pearson Education.
  • 3 ба түүнээс дээш зохиогчтой:
    Зохиогч1-ийн овог, нэрийн эхний үсэг., Зохиогч2-ийн овог, нэрийн эхний үсэг., Зохиогч3-ийн овог, нэрийн эхний үсэг., … & ЗохиогчX-ийн овог, нэрийн эхний үсэг. (Он). Эх сурвалжийн нэр. Хэвлэгч.
    Жишээ: Garcia, L., Thompson, A., Wang, X., & Lee, M. (2021). Machine learning models. Cambridge University Press.

Эшлэл хийхэд ашиглагдах программууд

Эшлэл бичихэд зориулсан олон төрлийн программ, хэрэгслүүд байдаг бөгөөд эдгээр нь эх сурвалжуудыг автоматаар APA, MLA, Chicago, Harvard гэх мэт хэлбэрт хөрвүүлж өгдөг. Доор түгээмэл ашиглагддаг эшлэл бичих программуудын жишээг харуулав:

1. Zotero

  • Судалгааны материал, өгүүлэл, эх сурвалжуудыг хадгалж, төрөл бүрийн эшлэлүүдийг үүсгэж, Word болон Google Docs-тэй интеграц хийх боломжтой үнэгүй программ.
  • Төрөл бүрийн эх сурвалжийг өөртөө хадгалж, олон төрлийн эшлэл хийх формат сонголтуудтай.
  • Вэбсайт: https://www.zotero.org

2. Mendeley

  • Судалгааны материал зохион байгуулах, эшлэл үүсгэх, PDF файл хадгалах зориулалттай үнэгүй программ.
  • Судалгааны материалыг амархан зохион байгуулах боломжтой, олон хэлбэрийн эшлэл үүсгэдэг.
  • Вэбсайт: https://www.mendeley.com

3. EndNote

  • Судалгааны материал, өгүүлэл, ишлэл үүсгэхэд зориулагдсан мэргэжлийн программ. Microsoft Word-тэй интеграц хийх боломжтой.
  • Нарийвчилсан функцуудтай, судалгааны материалуудыг хурдан зохион байгуулахад ашиглагддаг.
  • Вэбсайт: https://endnote.com

4. RefWorks

  • Cloud-д суурилсан эшлэл зохион байгуулах хэрэгсэл, өөрийн эх сурвалжуудыг хадгалж, төрөл бүрийн эшлэлийн форматыг ашиглах боломжийг олгодог.
  • Онлайн орчинд ажилладаг тул интернеттэй хаанаас ч хандах боломжтой.
  • Вэбсайт: https://refworks.proquest.com

5. Cite This For Me

  • Онлайн эшлэл үүсгэх хэрэгсэл, хэрэглэгч эх сурвалжаа оруулж, өөрийн хүссэн форматад тохируулан эшлэл үүсгэх боломжтой.
  • Хялбар интерфэйстэй, олон төрлийн форматаар эшлэл үүсгэх боломжтой.
  • Вэбсайт: https://www.citethisforme.com

6. BibMe

  • Онлайн эшлэл үүсгэх программ, эх сурвалжаа хурдан үүсгэж, APA, MLA, Chicago гэх мэт форматад хөрвүүлдэг.
  • Олон төрлийн эх сурвалжаас эшлэл автоматаар үүсгэж чаддаг.
  • Вэбсайт: https://www.bibme.org

Эдгээр программууд нь судалгааны материалыг хялбараар зохион байгуулж, эшлэлүүдийг зөв форматаар хурдан үүсгэхэд танд маш их хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.


Энэхүү нийтлэлээр та бүхэнд эх сурвалжийг ашиглан хэрхэн эшлэл хийх зааврыг хүргэлээ. Зөвхөн академик орчин гэлтгүй онлайн орчинд аливаа мэдээллийг уншихдаа эх сурвалжийг нь шалгадаг байх, тоо баримтгүй, эх сурвалжийг заагаагүй мэдээ мэдээлэлд шууд итгэхгүй байх, үнэн зөв эсэхийг сайтар нягталж уншихыг зөвлөе. 

Reference List:

  1. American Psychological Association. (2020). Publication manual of the American Psychological Association (7th ed.). American Psychological Association.
  2. American Psychological Association. (2024). APA Style common reference examples guide. https://apastyle.apa.org/instructional-aids/reference-examples.pdf
  3. Purdue University Online Writing Lab (OWL). (n.d.). APA formatting and style guide. Purdue OWL. https://owl.purdue.edu/owl/research_and_citation/apa_style/apa_formatting_and_style_guide/general_format.html
  4. University of Leeds. (n.d.). Harvard referencing. https://library.leeds.ac.uk/info/14011/referencing/47/harvard_style

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд

Дата аналист нь бизнес, судалгаа, технологи зэрэг салбарт өгөгдлийг цуглуулах, цэвэрлэх, дүн шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах үүрэгтэй мэргэжилтэн юм....
  • Зөвлөгөө
  • 6 сар 24, 2024
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “The Future of Jobs Report 2023” шинэчилэгдэн гарчээ. 2023 оны тайланд хамгийн эрэлттэй буюу хурдан...
  • Зөвлөгөө
  • 1 сар 8, 2024
Дата аналист болохын тулд мэргэжлийн ямар ур чадварууд шаардлагатай вэ? Сайн дата аналист болохын тулд зөвхөн датаг сайн боловсруулж, шинжилгээ...
  • Зөвлөгөө
  • 3 сар 22, 2021
error: