AI-ийн боломжийг ашиглахад ажилтнуудын бүтээмж, бүтээлч байдал хоёулаа чухал. Гэхдээ эдгээрийг зөвхөн AI хэрэгсэл нэвтрүүлснээр бий болно гэж ойлгож болохгүй.
Бүтээмж гэдэг нь бага хугацаанд илүү их ажил хийхээс гадна ижил нөөцөөр илүү чанартай үр дүн гаргах чадвар юм. Харин бүтээлч байдал нь шинэ санаа гаргахаас гадна тулгарч буй асуудлыг өөр өнцгөөс харж, өөр хувилбар туршиж, илүү оновчтой арга зам олох чадвар билээ.
AI болон өгөгдөлтэй ажиллах ур чадвар эдгээрийг хөгжүүлэхэд хэрхэн тусалж болох вэ?
Нэгдүгээрт, давтагддаг ажлыг хөнгөвчилж, үнэ цэн бүтээхэд зарцуулах цагийг нэмэгдүүлэх.
Ажилтнууд мэдээлэл хайх, баримт бичиг боловсруулах, хүснэгт цэгцлэх, тайлангийн эхний хувилбар бэлтгэх зэрэг ажилд ихээхэн цаг зарцуулдаг. AI болон ажлын программын боломжийг зөв ашигласнаар эдгээр ажлын заримыг хурдасгаж, цаг хэмнэх боломжтой.
Гэхдээ хэмнэсэн цаг өөрөө бизнесийн үр дүн биш. Тэр цагийг юунд зарцуулж байгаагаас бодит үнэ цэнэ хамаарна. Жишээлбэл, маркетингийн ажилтан агуулгын эхний хувилбар бэлтгэхэд бага цаг зарцуулж, хэрэглэгчдийн хэрэгцээг судлах, кампанит ажлын хувилбаруудыг туршихад илүү их цаг гаргаж болно. Удирдлагад тайлан бэлтгэдэг ажилтан мэдээлэл нэгтгэхэд зарцуулах цагаа багасгаж, үр дүнгийн өөрчлөлтийн шалтгааныг шинжлэхэд анхаарч болно.
Ингэснээр бүтээмжийн өсөлт нь зөвхөн ажлын хурд бус, ажилтны цагийг илүү үнэ цэнтэй ажилд чиглүүлэх боломж болно.
Хоёрдугаарт, өгөгдөл ашиглан асуудлыг илүү сайн ойлгож, шийдвэрийн чанарыг сайжруулах.
Байгууллагууд хэрэглэгчийн санал хүсэлт, борлуулалтын үзүүлэлт, маркетингийн үр дүн, үйл ажиллагааны мэдээлэл гээд асар их өгөгдөл цуглуулдаг. Гэвч өгөгдөлтэй байх, түүнийг шийдвэр гаргахад ашиглах хоёр өөр зүйл.
Тухайлбал, борлуулалт буурсан гэдгийг тайлангаас харах нь эхний алхам. Харин аль бүтээгдэхүүний борлуулалт, ямар хэрэглэгчийн бүлэгт, ямар хугацаанд буурсныг тодорхойлж, шалтгааныг нь судалж, боломжит арга хэмжээг харьцуулж чадвал өгөгдөл бодит үнэ цэн бүтээж эхэлнэ.
Энд өгөгдөл боловсруулах, шинжлэх, үр дүнг ойлгомжтой дүрслэх ур чадвар чухал. AI нь мэдээллийг ангилах, боломжит шалтгаан дэвшүүлэх, дүн шинжилгээний эхний хувилбар гаргахад тусалж болно. Харин ажилтнууд үр дүнгээ шалгаж, бизнесийн нөхцөлтэй уялдуулан тайлбарлаж, зөв шийдвэр гаргах үүрэгтэй хэвээр.
Гуравдугаарт, илүү олон санаа гаргаж, шинэ хувилбаруудыг турших.
Бүтээлч байдал гэдэг заавал цоо шинэ санааг ганцаараа бодож олохыг хэлэхгүй. Заримдаа асуудлыг өөрөөр томьёолох, өмнө нь анзаараагүй хэрэглэгчийн хэрэгцээг олж харах, хэд хэдэн боломжит шийдлийг харьцуулах, эсвэл одоо хийж буй ажлыг илүү хялбар аргаар гүйцэтгэхээс эхэлдэг.
AI нь өөр өөр өнцгөөс харах, санааны хувилбар гаргах, эхний загвар боловсруулахад тусалж чадна. Өгөгдөл нь тэдгээр санааны аль нь хэрэглэгчийн бодит хэрэгцээ, бизнесийн нөхцөлтэй нийцэж болохыг судлахад тусална.
Жишээлбэл, хэрэглэгчдийн санал хүсэлтийг AI ашиглан сэдвээр ангилж, өгөгдлөөс давтагдаж буй асуудлыг олж хараад, үйлчилгээ сайжруулах хэд хэдэн хувилбар боловсруулж болно. Дараа нь тэдгээрийг хэрэглэгчдийн бодит хэрэгцээ, хэрэгжүүлэх боломж, хүлээгдэж буй үр дүнгээр нь харьцуулж болно.
Энэ бол AI-аар санаа гаргуулах төдий зүйл биш. AI, өгөгдөл, салбарын мэдлэг, хүний бүтээлч сэтгэлгээг хослуулж, шинэ санааг бодит боломж болгон хөгжүүлэх үйл явц юм.
Эдгээр гурван чадвар харилцан бие биеэ дэмждэг. Давтагддаг ажлаа үр дүнтэй гүйцэтгэх нь шинжлэх, турших цаг гаргана. Өгөгдлийг зөв ашиглах нь асуудлыг илүү сайн ойлгуулна. Харин бүтээлч сэтгэлгээ нь ойлгосон асуудалд шинэ шийдэл олох боломж нээнэ.
Гэхдээ энэ бүхэн AI-ийн хариултыг шууд ашиглах бус, хэрэгслийн боломж, хязгаарыг ойлгож, ажлынхаа үндсийг мэддэг, гарсан үр дүнг шүүмжлэлтэй үнэлж чаддаг байхаас эхэлнэ.
Тэгвэл байгууллагууд ажилтнууддынхаа ямар ур чадваруудыг хөгжүүлэх хэрэгтэй вэ?
Хэрэв байгууллага AI нэвтрүүлээд бүтээмжээ нэмэгдүүлэх, өгөгдлөө илүү үр дүнтэй ашиглах, шинэ санаа, шинэ боломжийг олж харахыг хүсэж байвал дараах асуултуудаас эхэлж болно.
- Ажлын бүтээмж: Манай ажилтнуудын цагийг хамгийн их авч буй давтагддаг ажил юу вэ? Үүнийг хялбарчилж, ажлын чанарыг хадгалах эсвэл сайжруулах ямар боломж байна вэ?
- Өгөгдөлд суурилсан шийдвэр: Манай байгууллагад аль хэдийн байгаа мэдээллээс ямар хэрэгтэй дүгнэлт гаргаж болох вэ? Ажилтнууд мэдээллийг цэгцлэх, шинжлэх, ойлгомжтой тайлбарлах чадвартай юу?
- Бүтээлч байдал: Ажилтнууд AI-г зөвхөн эхний хариулт авахад ашиглаж байна уу, эсвэл өөр хувилбар боловсруулах, санаагаа турших, ажлын арга барилаа сайжруулахад ашиглаж байна уу?
- Бодит үр дүн: Шинэ хэрэгсэл ашигласнаар ажлын хугацаа, алдааны түвшин, шийдвэрийн чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамж эсвэл бизнесийн үзүүлэлтэд ямар өөрчлөлт гарч байна вэ?
Эдгээр асуулт байгууллагад ямар хэрэгсэл худалдан авах шаардлагатайг төдийгүй, ажилтнууддаа ямар мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх хэрэгтэйг тодорхойлоход тусална.
Зарим тохиолдолд AI-ийн суурь ойлголт, мэдээллийн аюулгүй хэрэглээг сайжруулах шаардлагатай байж болно. Эсрэгээрээ зарим багт AI хэрэгслийг ажлын бодит даалгаварт ашиглах дадлага хэрэгтэй байж болно. Эсвэл эхлээд тайлан, хүснэгт, өгөгдөлтэй тогтмол ажилладаг багуудад мэдээллээ зөв боловсруулах, шинжлэх, дүрслэх чадвараа ахиулах нь илүү чухал байж болно.
Хамгийн гол нь тасралтгүй суралцах соёл, орчин нөхцлийг бий болгож сурсан зүйлээ ажилдаа хэрэглэж, бодит асуудал шийдэж, үр дүнг нь хэмжих боломжуудыг тус тус олгосноор ажилтнуудын ур чадварын хэрэгцээ мэдлэг олж авахаар эхэлж практикаар ур чадвар болон төлөвшинө.
Ур чадвараас бодит үнэ цэн рүү
AI, өгөгдөл, ажлын программын боломжийг үр дүнтэй ашиглаж сурах нь зөвхөн ажилтны хувийн бүтээмжийг нэмэгдүүлэх тухай асуудал биш. Эдгээр чадвар байгууллагын ажлын арга барил, шийдвэр гаргалт, шинэ боломжийг олж харах чадварт нөлөөлж болно.
Тиймээс ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлэхдээ дараах гурван зүйлийг хамтад нь бодолцоорой:
- Суурь ойлголтыг нэмэгдүүлэх: Аливаа програм хангамж, AI хэрэгслийн боломж, хязгаар болон өөрийн ажлын үндэс, байгууллагын үнэ цэнийн хэлхээнд бий болгож буй үүргээ (ач холбогдлыг) ойлгох.
- Практик ур чадварыг сайжруулах: AI загвар хэрэгсэл, программ, өгөгдлийг бодит ажлын даалгавартаа ашиглаж хэрэглэх, үнэлэх
- Бүтээлч хэрэглээг бий болгох: Сурсан зүйлээ ашиглан тодорхой асуудал шийдэх, шинэ хувилбар турших, ажлын арга барилаа сайжруулах.
Дээрх 3 алхмын хүрээнд Data School www.data-school.mn нь ажилтнуудын AI болон өгөгдөлтэй ажиллах суурь мэдлэг, практик ур чадвар болон бүтээлч хэрэглээг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтуудыг явуулдаг.
Хэрэв танай байгууллага ажлаа хурдасгах, тайлан мэдээллээсээ илүү үнэ цэн гаргах, эсвэл ажилтнуудынхаа шинэ санаа боловсруулах, асуудал шийдэх чадварыг хөгжүүлэхийг зорьж байна уу? Тэгвэл эхлээд багийнхаа ажлын онцлог, тулгарч буй асуудал, хөгжүүлэх шаардлагатай ур чадварыг тодорхойлоод бидэнтэй холбогдоорой.
Мөн манай байгууллагуудад санал болгож буй сургалтуудын дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл байгууллагын сургалтын формыг бөглөж бидэнд ирүүлээрэй.
Эцэст нь
AI ажлыг хурдасгаж чадна. Өгөгдөл асуудлыг илүү сайн ойлгоход тусална. Харин эдгээр боломжийг нэгтгэн ашиглаж, үр дүнг нь үнэлж, шинэ санааг бодит ажил болгох нь ажилтнуудын ур чадвараас шалтгаална. Ур чадварыг сургаж, хөгжүүлж болно.
Одоо ихэнх байгууллагуудын хувьд AI-тай холбоотой гол асуулт AI-г ажилтнууд нь ашиглаж байгаа эсэх биш болсон. Харин AI болон өгөгдлийн боломжийг ашиглан ажилтнууд нь хэр бүтээмжтэй, бүтээлчээр ажиллаж оновчтой шийдвэр гаргалтуудыг хийж үнэ цэнэ бүтээж чадаж байгаа эсэх болсон.
Учир нь байгууллагууд ямар AI хэрэгсэл, програм ашигладаг эсэх нь өөрөө дангаараа өрсөлдөх давуу тал биш болж харин түүнийг ашиглан юу хийж чаддаг болсон нь л бодит үнэ цэнийг бүтээж зах зээлд өрсөлдөх ялгаралыг бий болгож байна.







